“АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР

            Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.4.1.3-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад зориулсан “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 50 сургуулийн оролцоо, манлайлал дор түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

            “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөр нь англи хэл сайн эзэмшсэн ахлах ангийн сурагчид чиглүүлэгч багшийн удирдлага дор зөвлөгчөөр ажиллаж, бусад сурагчдын англи хэлний түвшинг ахиулахад суралцахуйн дэмжлэг үзүүлэх, хамтран суралцах хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго:  Англи хэл сайн эзэмшсэн, бусдыгаа манлайлагч, бусадтай мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй сурагчид нь англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хамтран суралцагчдад англи хэлний мэдлэгээ хуваалцаж, тэднийг дэмжих мөн өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаашлаад гадаад, дотоодын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид:

  • эзэмшсэн мэдлэгээ бусад сурагчидтай хуваалцах;
  • харилцааны ур чадвараа хөгжүүлж, суралцагчид хамтдаа хөгжих;
  • чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх;
  • сурагч, хамтран суралцагчидтайгаа хамт хөгжих;
  • нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцох ур чадвараа хөгжүүлэх;
  • гадаад, дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2022.10.24-2023.05.31

Хөтөлбөр хэрэгжих сургуулийн тоо: 50

Нэг сургууль дээр хэрэгжих “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөрийн тоо: 1

Нийт сургалтын цаг: 120

Хөтөлбөр хэрэгжүүлэх сургуульд тавигдах шаардлага:

  • Хичээлийн бус цагаар хөтөлбөр хэрэгжүүлж буй сурагчийг удирдан ажиллах чиглүүлэгч багш томилж, зөвлөх үйлчилгээнд анги, танхимаар хангах, бүхий л талаар тусалж, дэмжих боломжтой байх;
  • Хөтөлбөрийн чиглүүлэгч багш нь 3-5 жил англи хэлний багшаар ажилласан туршлагатай, CEFR В+ түвшний англи хэлний мэдлэгтэй байх;
  • Зөвлөгч сурагчаар ажиллах суралцагч нь англи хэл сайн эзэмшсэн (ижил төрлийн хөтөлбөрт хамрагдаж төгссөн бол давуу тал болно), бусдыгаа манлайлах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх, бусадтай мэдлэгээ хуваалцах чин хүсэл эрмэлзэлтэй байх;

Зөвлөгч сурагч нь чиглүүлэгч багштай хамтран суралцагчдад тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулан хичээлээс гадуур долоо хоногт 2 удаа, тус бүр 2 цагаар хичээллэнэ. Нэг сургууль дээр хэрэгжих “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөрт оролцох сурагчдын тоо 10-15 (хүйсийн хувьд тоо нь ойролцоо эсвэл тэгш байх) байна.

Чиглүүлэгч багшийн үүрэг:

  • Зөвлөгч сурагчтай хамтран суралцагчдад тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах;
  • Зөвлөгч сурагчтай хамтран сургалтад хамрагдах сурагчдыг сонгох;
  • Сургалтын явцад зөвлөгч сурагчид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Сургалтын явцад хяналт тавих;
  • Сурагчдын суралцахуйн үйл явцыг идэвхжүүлэх;
  • Сурагчдыг сургуулийн удирдлага, эцэг эхчүүдтэй холбох, зөвлөгч сурагчийн манлайлан хийж байгаа ажлын талаар мэдээ мэдээлэл түгээх.

Хөтөлбөрийн чиглүүлэгч багшийн цалингийн зардал (нэг цагийн үнэлгээ 10,000 төгрөг байна), зөвлөгч сурагчид улиралд 1 удаа 200,000 төгрөгийн дэмжлэгийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс олгоно.

ЕБС-иуд хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт бүхий албан бичиг, чиглүүлэгч багшийн CV, зөвлөгч сурагчийн CV, зөвлөгч сурагчаар ажиллах боломжтой гэдгийг нотолсон тодорхойлолт, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт энэ оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор munkhtuul@mier.mn хаягаар ирүүлнэ үү.

Хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг нягтлан, сонгон шалгаруулалт явуулж дүнг энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд мэдээлнэ.

Хөтөлбөр хэрэгжүүлж буй ЕБС-иуд улирал тутам хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргах бөгөөд тайланд үндэслэн санхүүжилт хийгдэнэ. “АНГЛИ ХЭЛНИЙ ЗӨВЛӨГЧ СУРАГЧ” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хариуцсан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж, БСҮХ, БЕГ-аас мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана.

 

 

БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН