“WELCOME” ХӨТӨЛБӨРИЙН УРИЛГА

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.4.1.1-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн “Welcome” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөрийн зорилго: Хотын төв, аймгийн төвөөс алслагдсан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын англи хэл сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, англи хэлний мэдлэг, чадвар олгох, ахлах ангийн суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаашлаад гадаад, дотоодын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, дэлхийд өрсөлдөхүйц өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай ирээдүйн Монгол Улсын иргэнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахад оршино.

Англи хэлний “Welcome” хөтөлбөр нь Англи хэл сурах хүсэл эрмэлзэл, авьяас сонирхолтой, 10-12-р ангид суралцаж байгаа хүүхдүүдэд хичээлийн дараах сургалтаар Англи хэлний мэдлэг, чадвар олгох зорилготой Англи хэлний хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр хэрэгжсэнээр ахлах ангийн сурагчид олж авах давуу талууд:

  • англи хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэх
  • хичээлээс гадуурх нэмэлт мэдлэг олж авах
  • чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх
  • гадаад, дотоодын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах, их дээд сургуульд амжилттай үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг болох ач холбогдолтой.

“Welcome” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд 20 ерөнхий боловсролын сургууль дээр түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2022.10.10-2023.05.31

Нэг сургууль дээр хэрэгжих “Welcome” хөтөлбөрийн тоо: 1

Хөтөлбөрт хамрагдах сурагчийн тоо: 20-25 (эрэгтэй 10-13, эмэгтэй 10-13)

Нийт сургалтын цаг: 128

Хөтөлбөр хэрэгжүүлэх сургуульд тавигдах шаардлага:

·      Хичээлийн бус цагаар хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдыг анги, танхимаар хангах, бүхий л талаар туслалцаа үзүүлэх боломжтой байх;

·      Хөтөлбөр хариуцан хэрэгжүүлэх англи хэлний багш нь мэргэжлээрээ 3-5 жил багшилсан туршлагатай, CEFR В+ түвшний англи хэлний мэдлэгтэй байх;

·      Хөтөлбөрт боловсролын тусгай хэрэгцээт болон үндэстний цөөнх сурагчдыг хамруулах санал ирүүлсэн бол давуу тал болно. (Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүд гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүд байна.)

·      Урьд ижил төстэй тэтгэлэгт хөтөлбөр болон гадаад улсын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй зэрэг болно.

“Welcome” хөтөлбөрийн сургалт нь хичээлээс гадуур долоо хоногт 2 удаа, нэг удаад 2 цагаар хичээллэнэ.

Сонгогдсон сургуулиуд өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан багшаа сонгох боломжтой бөгөөд хөтөлбөрийг ашгийн төлөө бус ТББ-тай хамтран хэрэгжүүлж болно.

            Хөтөлбөрт зориулан багшийн цалингийн зардал (нэг цагийн үнэлгээ 20,000 төгрөг байна), улиралд 1 удаа суралцагчдын дунд зохион байгуулах хичээлээс гадуурх үйл ажиллагааны зардалд 300,000 төгрөгийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс санхүүжүүлнэ.

ЕБС-ууд хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ хавсралт хүснэгтийн дагуу боловсруулан, багшийн CV, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор munkhtuul@mier.mn хаягаар ирүүлнэ үү.

Хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, сонгон шалгаруулалт явуулж дүнг энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтэд мэдээллэнэ.

Хөтөлбөр хэрэгжүүлж буй ЕБС-ууд улирал тутам хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргах бөгөөд тайланд үндэслэн санхүүжилт хийгдэнэ. “Welcome” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хариуцсан аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж, БСҮХ, БЕГ-аас мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана.

 

"WELCOME" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТ бөглөх хүснэгт татаж авах

БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН