“ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарласан, 2022 оны IX сард болох “ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх зорилгоор “Хувьсаж буй боловсрол” (transforming education) сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ) манлайлан, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (БСШУБ)-ын дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулж байна.

Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдолыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн салбар хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд эрдэмтэн судлаачид, хүүхэд, залуус, ТХБ II төсөлд хамрагдаж буй 6 аймгийн 30 сургуулийн багш, удирдлага, хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн, аж ахуйн нэгж байгууллагынхны оролцоог ханган зохион байгуулсан. Тэд:  

-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт

-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль

-Амьдрал, ажил хөдөлмөр, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд

-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил

-Боловсролын санхүүжилт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Нэгдсэн хэлэлцүүлэг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж байна.

 

Үндэсний хэлэлцүүлэг нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

1. Боловсролын үйл ажиллагааны тасалдлын олон талт нөлөөллийн (хоол тэжээл, охид, хөвгүүдийг хамгаалах, эрүүл мэнд, сайн сайхан байдал, сурлагын хоцрогдол, сургууль завсардалт, элсэлт хийгдэхгүй байх гэх мэт) нотолгоонд тулгуурлан, боловсролын салбарыг цар тахлын нөлөөллөөс ангижруулж, сэргээхэд чиглэсэн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх арга замыг тодорхойлох;

2. Цар тахлын үед боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ,  инновацын үр дүнд олж авсан сургамж, мэдлэг ойлголтод тулгуурлан, боловсролын бодлого, үйл ажиллагааны практикт шинэ сэтгэлгээ, арга барил, сургалтын нөөцийг нэгтгэх замаар боловсролыг амжилттай хувирган өөрчлөхөд чиглэсэн хөшүүрэг, тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээний багцыг тодорхойлох;

3. 2030 он гэхэд гаргасан байвал зохих ахиц дэвшлийг хурдасгах хүсэл эрмэлзэлтэй байх зорилгоор үндэсний боловсролыг хөгжүүлэх зорилтууд болон жишиг үзүүлэлтүүдийг хянаж үзэх буюу тодорхойлох;

4. Боловсролд зориулагдах төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, нөөцийн хуваарилалтыг илүү тэгш болгож, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, боловсролыг дотоодын тогтвортой санхүүжилтээр хангах шинэлэг, салбар дундын нэмэлт механизмуудыг тодорхойлох;

5. Боловсролын үнэлгээ, өгөгдөл, мэдээллийн найдвартай тогтолцоог бий болгох замаар нотолгоонд суурилсан бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах арга замыг дэвшүүлэх.