“АНГЛИ ХЭЛНИЙ ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ”: СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН 1 ӨДРИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЕБС-ийн англи хэлний багш нарт зориулсан “Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт”-ыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийн дагуу удирдан явуулах, сургалтын дэвшилтэт заах арга зүйг хэрэглэн хичээл заах талаар семинарыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар болон Англи хэлний институт хамтран зохион байгууллаа. Энэ оны 07 дугаар сарын 20-нд танхим, цахим хосолсон байдлаар болсон уг семинарт сургагч багшаар ажиллах 19 багш танхимаар, 7 багш цахимаар нийт 26 багш оролцсон.

Семинарыг нээж БЕГ-ын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р.Золзаяа нээж үг хэлэхдээ ЕБС-ийн багш нарыг чадавхжуулахад хичээл, зүтгэл гарган ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш, судлаач нарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.

БСҮХ-ийн Гадаад хэлний төвийн эрхлэгч Г.Баянзул “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлуудын талаар болон сургалт зохион байгуулж буй багш нарт зориулсан мэдээллийг танилцуулсан.

“Англи хэлний зуны сургалт”-ыг үр дүнтэй зохион байгуулах, чадавхжуулах хөтөлбөрөөр сургалт удирдан явуулах талаар Англи хэлний институтийн зөвлөх мэргэжилтэн Aleta Loftis сургагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө бүхий 5 цагийн семинар хийв.

Семинарын төгсгөлд Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн С.Алдармаа сургагч багш нартай сургалтаа ямар арга зүй, хэлбэрээр зохион байгуулах талаар санал солилцож, сургагч багш нар 1 өдрийн семинарыг үр дүнтэй өнгөрүүллээ.

ЕБС-ийн англи хэлний багш нарт зориулсан “Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт” 7-р сарын 25-наас танхим, цахим хосолсон байдлаар 5 долоо хоног үргэлжлэх бөгөөд амжилттай суралцсан багш нар 3 кредиттэй сертификат гардан авах юм.