“ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН АГУУЛГЫГ БШУЯ-НЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2022 оны 9-р сард болох “ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (TRANSFORMING EDUCATION) дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын удирдлага дор үндэсний хэмжээний хэлэлцүүлгүүдийг Монгол Улсад зохион байгуулж эхэллээ.

БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн баг үндэсний хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлын агуулгыг ярилцаж эцэслэв. Хувьсаж буй боловсрол сэдэвт цуврал хэлэлцүүлгийн эхнийхийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын дунд 6 дугаар сарын 16-нд зохион байгуулагдлаа.  

Танхимын болон цахим хэлбэрийг хослуулан үе шаттайгаар хийгдэх эдгээр  хэлэлцүүлгүүдийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ), НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (БСШУБ)-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь COVID-19 цар тахлаас боловсролын салбарт үүссэн сөрөг үр дагаврыг арилгах, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг хангах, ирээдүйн боловсролын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн талаар хэлэлцэж, Монгол Улсын 2030 он хүртэлх боловсролын хэтийн зорилтыг тодорхойлоход оршино.

Хэлэлцүүлэгт боловсролын байгууллагуудаас гадна хүүхэд залуучууд, нийгмийн хамгаалал, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож сэдэвчилсэн агуулгаар ярилцан зөвшилцөж,  зөвлөмж гарган ажиллана.